Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Захирлын мэндчилгээ

Нийтэлсэн: 2017-02-07 16:34:12 Үзсэн: 924

             Монгол улсын дээд боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг авч ирсэн он жилүүдтэй хөл нийлүүлэн хөгжиж ирсэн Мандах бүртгэл дээд  сургуулиар овоглосон нийт төгсөгчид, оюутан залуус, эрдэмтэн багш, ажиллагсаддаа мэндчилгээ дэвшүүлж биднийг үргэлж дэмжиж, тусалж хамтран ажиллаж ирсэн байгууллагууд, хамт олон, хувь хүмүүс, түншлэгч нартаа чин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлье.

            2017 оны 8 дугаар сарын 1-ээс эхлэн манай сургууль “Их сургууль”-ийн ангилалд орох болсоныг дуулгахад таатай байна. Ийнхүү бид бүхний 25 жилийн шургуу хүч хөдөлмөрийн үр дүнд эрдэм шинжилгээ сургалт эрхэлсэн “Их сургууль” болж чадлаа.

            Туулж ирсэн  өндөрлөгөөс харахад манай сургууль олон сайхан бахархах, тэмдэглэх зам мөрийг Монгол улсын Дээд боловсролын болон Бүртгэл санхүүгийн салбарт үлдээж ирсэн билээ.

    Бид байгуулагдсан үеэсээ “Нягтлан бодогч” гэдэг чухал, хариуцлагатай сайхан мэргэжлийг байх ёстой байр сууринд нь хүргэх, өнөөгийн нийгмийн шаардлага, шалгуурыг хангасан мэргэжилтэн бэлтгэх, Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн шинэ тогцолоог төлөвшүүлэхэд зохих хувь нэмэр оруулах зорилгыг дэвшүүлэн тавьж  сэтгэл, зүтгэл нэгтэй манай хамт олон, мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжил нэгт нөхдийн дэмжлэг дор тодорхой үр дүнд хүрсээр ирлээ.

            Өнөөдөр их, дээд сургуульд элсэгчдийн нэлээд нь энэхүү мэргэжлээр суралцах сонирхолтой болсон, тухайн байгууллагын “чухал хүмүүс”-ийн тоонд нягтлан бодогчид орох болсон, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн, төлөвшүүлэх, нягтлан бодогч нарыг нэгтгэж, мэргэжлийн хувьд залж удирдан, мэргэжил цолыг нь ахиулах, дээшлүүлэх ажлыг эрхэлдэг төрийн бус байгууллагуудыг байгуулах, удирдах, бэхжүүлэх, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн стандартыг боловсруулж батлуулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт ойртуулах, түүнчлэн нягтлан бодогч бэлтгэдэг сургуулиуд олимпиадад оролцох, түүндээ ач холбогдол өгдөг болсон, нягтлан бодох бүртгэлийн багш нар шилдгээ тодруулдаг болсон, эрдэм шинжилгээ судалгааны ажилд өргөн оролцдог болсон, мэргэжлийн ном сурах бичгийг шинэчлэн бичих, орчуулах ажил идэвхжсэн зэрэг чухал ажлуудыг санаачлан, төлөвшүүлэхэд манай хамт олон хошуучлан  идэвх, санаачлагатай оролцож ирлээ.

            Анх бид 6 багш 60 гаруй оюутантай түрээсийн байранд хичээл сургалтаа эхэлж байсан бол өнөөдөр манай сургууль 2000 гаруй оюутантай , Дархан-Уул аймагт салбар сургуультай, нийтдээ 130 гаран багш ажиллагсадтай олон улсад болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн их сургууль болон хөгжиж байна. Нийгмийн олон салбарт 6000 гаруй төгсөгчид маань нэр төртэй хөдөлмөрлөж, суралцаж буй оюутнууд маань сурлага, спорт, урлагийн амжилт бүтээл арвинтай байж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж байдагт нь бид бүхэн бахархалтай байдаг билээ. 

            Манай нэрийн хуудас болсон төгсөгчдийн 90 шахам хувь нь тодорхой ажил эрхэлж олон зуун төгсөгчид салбартаа хариуцлагатай алба хашиж, олон арван төгсөгчид өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтанд амжилттай суралцаж, бас зарим төгсөгчид тухайн орны мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авч үндэстэн дамнасан компаниудад мэргэжлээрээ ажиллаж байна.

            Цаашид бид сургуулийн бүтэц зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, багш нараа эрдэмжүүлэх, эрдэм судлалын ажлын цар хүрээг нь дээшлүүлэх, ажиллах нөхцөл бололцоог нь улам сайжруулах, сургалтанд орчин үеийн технологийг тасралтгүй нэвтрүүлэх, сургалтын техник хангамж, материаллаг баазаа өргөтгөх, оюутанд үзүүлэх үйлчилгээг улам чанартай, шуурхай, хүртээмжтэй болгох, гадаад харилцаа,  хамтын ажиллагаагаа  өргөтгөх зэрэг Мандах Бүртгэл Их Сургуулийн 2017-2022 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө манай хамт олон улам эрч, хүчтэй сурч, хөдөлмөрлөнө гэдэгт итгэлтэй байна. 

Эрдэм номын буян мандан бадарч сайн, сайхан үйлс дэлгэрч байх болтугай.

                                Захирал, дэд профессор Г. Нанжид

 

 

              1992 оны 2 сард би эрдмийн зэрэг хамгаалах урьдчилсан хамгаалалтаа хийхээр бэлтгэж байлаа. Энэ үед ХААИС-ийн аж ахуй эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан бидний дотны анд Б.Сандагсүрэн маань нэг орой ер нь бүгдээрээ нягтлан бодох бүртгэлийн хувийн сургууль байгуулбал яасан юм бэ гэсэн санал тавьсан юм. Энэ саналыг хүлээн авч багш Р.Батжаргал, Л.Энх-Амгалан нарынхаа хамт бид сургалтын төлөвлөгөөгөө боловсруулж, бусад бичиг баримтыг Сандагсүрэн маань бүрдүүлсэн юм. Ингээд тэр үеийн Ардын боловсролын яаманд асуудлаа оруулж, 1992 оны 05 сарын 08-ны өдөр сургууль байгуулах шийдвэр гарсан юм. Анх сургууль маань “Түрүү” нэртэй хувиараа эрхлэх аж ахуй байлаа.

            Бид Хан-Уул дүүргийн нутагт байрлаж байсан Хүнсний техник мэргэжлийн сургууль (Одоогийн Хүнсний Техник Технологийн  коллеж)-ийн хичээлийн нэгдүгээр байрыг түрээслэн анхны хичээлээ 1992 оны 09 сарын 01-ний өдөр 60 гаруй оюутан, 6 багштайгаар эхэлж байв.

 

            Сургалт явуулсан эхний жилээс багшлах боловсон хүчнээр хангах, өөрийн хичээлийн байртай болох, улсын хэмжээний элсэлтийн захиалга авч хэрэгжүүлэх, сургалтын чанараа сайжруулах зэрэг олон хэлбэрийн ажлуудыг 1992-2002 оныг хамарсан анхны 10 жилийн стратеги төлөвлөгөөнийхөө дагуу зохион байгуулан ажилласан юм.

            Мөн 1992 оны төгсгөлд Сангийн яам, Үндэсний Татварын Ерөнхий газартай гэрээ байгуулан тэдний захиалга авч, 1993 оноос нягтлан бодох бүртгэл-хяналтын ангийг шинээр нээн сургалтөө өргөжүүлэв. Гэвч элсэлчдийн тоо цөөн, сургалтын төлбөр бага (1996 онд төгссөн анхны төгсөгчид үндсэндээ 4 жилийн хугацаанд 100 гаруй мянган төгрөгийн төлбөртэй суралцаж төгсөж байлаа),  байрны түрээс их  байснаас эхний жилүүдэд цалингаа бүрэн тавьж олгож чадахгүй байх, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүй болох зэрэг олон бэрхшээлүүд гарч байлаа. Бид эдгээр бэрхшээлүүдийг банкны зээл авах, хот аймгуудад мэргэжлийн сургалт, эчнээ сургалт явуулах замаар сургалтаа өргөжүүлэх зэргээр нэмэлт эх үүсвэр бүрдүүлж даван туулж ирсэн.

            Бид 1998 онд хөрөнгө оруулалт хийх анхны эх үүсвэрийг бүрдүүлэн одоогийн хичээлийн байраа худалдан авч, сургалтад зориулан засварлаж өөрийн байртай болсон бөгөөд 1999 онд манай сургууль “Байгууллагын магадлан итгэмжлэл”-д амжилттай тэнцсэн юм.

            Ингэснээр цаашид Монгол улсын их, дээд сургуулийн хэмжээнд өөрийн байр суурьтай сургууль болох эх үүсвэр тавигдсан.

            Одоо манай сургууль их, дээд сургуулиудад тавигдаж буй шаардлагын дагуу “Байгууллагын магадлан итгэмжлэл”-ийн 2 дахь шатны шалгуурт 2006 онд амжилттай тэнцэж, 2007 онд “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлийн хөтөлбөрөө анхан шатанд, 2012 онд 2 дахь шатанд магадлан итгэмжлүүлснээр нягтлан бодогч бэлтгэдэг их дээд сургуулиудын хэмжээнд хөтөлбөрөө 2 дахь шатанд магадлан итгэмжлүүлсэн анхны сургууль боллоо.

        Түүнчлэн “Хэрэглэгчдийн найдвартай түнш”, “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн байгууллага”, “Зах зээлд тэргүүлэгч байгууллага” “Шилдэг менежменттэй байгууллага” зэрэг олон  өргөмжлөл хүртсэний зэрэгцээ, сүүлийн 10 жилд TOP-10 сургуулийн тоонд жил бүр шалгарч, Хувийн Их Дээд Сургуулиудын Холбооноос “Шилдэг сургууль”-иар 2 удаа, “Шилдэг хөтөлбөртэй сургууль” /2010 он/-иар тус тус шалгаруулан өргөмжлөөд байна.

          Энэ бүхэн бол манай хамт олон, төгсөгчид, суралцагсдын маань уйгагүй хөдөлмөр, зүтгэл, амжилт бүтээлийн үр шим билээ.

 

      Сургуулийнхаа нийт хамт олон, төгсөгчид, оюутан суралцагсаддаа цааш цаашдын сурлага, хөдөлмөрт улам их амжилтыг хүсье.

Гүйцэтгэх захирал  доктор, профессор С.Өлзийбат