Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Бакалаврын сургалт эрхлэхэд баримтлах журам

Нийтэлсэн: 2017-02-07 17:17:44 Үзсэн: 356

Захиргааны зөвлөлийн 2011 оны

09  дугаар сарын 16- ны  өдрийн  хурлаар

 хэлэлцэн шинэчлэн батлав

 

Бакалаврын сургалт эрхлэхэд баримтлах журам

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Монгол Улсын “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримтлан МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургуульд дээд боловсролын бакалаврын  зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.2.  Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн гол зорилго нь элсэгчдэд боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн дээд сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, цаашид бие даан суралцаж ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

Хоёр. Сургалтын хөтөлбөрийн агуулга

2.1. Тус сургуулийн бакалаврын зэрэг олгох сургалтын  хөтөлбөрийн агуулга нь суралцагчдын сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тэдэнд санхүү, эдийн засаг, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг чадвар, дадал эзэмшүүлэх өөрийгөө хөгжүүлэх арга барил төлөвшүүлэхэд оршино.

2.2. Бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн чиглэл бүрээр боловсруулсан боловсролын стандартууд сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн тодорхойлолтын дагуу хэрэгжүүлнэ.

2.3. Боловсролын стандарт нь суралцагчдын зайлшгүй эзэмшвэл зохих боловсролын агуулга, түүний үнэлгээ, багш, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг төрийн захиргааны төв байгууллагаас тодорхойлж баталгаажуулсан баримт бичиг байна.

2.4. Мэргэжлийн тодорхойлолт нь: Төгсөгчдийн бэлтгэлд тавих  үндсэн шаардлага, шалгуурыг нарийвчлан тусгасан Монгол улсын дээд боловсролд мөрдөхөөр Төрийн захиргааны төв байгууллага, Стандартчилал, Хэмжил Зүйн  Үндэсний Төвийн баталсан баримт бичиг (стандарт)-т тусгаснаар тодорхойлогдоно.

 

Гурав. Сургалтын төлөвлөгөө, багц цаг

3.1. Сургалтын төлөвлөгөө нь сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, нормативт хугацаа, судлах хичээлийн цэс, хэлбэр, тэдгээрийн багтаамж, дараалал, залгамж холбоо, сургалт, үйлдвэрлэлийн дадлагын төрөл, хугацааг тусгасан бакалаврын боловсролын үндсэн баримт бичиг мөн. Бакалаврын сургалтын төлөвлөгөөг нийтлэг загвар журмын дагуу боловсруулж мэргэжлийн тэнхим болон сургалт, заах арга зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тус сургуулийн захирал батлана.

3.2. Сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчдад дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэхэд чиглэнэ.

        Мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчдад шинжлэх ухаан технологи, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол-арга зүйн мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

        Мэргэших хэсгийн агуулга нь суралцагчдад нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

3.3.Бакалаврын зэрэг олгох сургалтын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь багц цаг (кредит) байна. Нэг багц цагийн хэмжээ нь

        -  Өдрийн хөтөлбөрөөр суралцаж байгаа  оюутны 7 хоногийн бүтэн ачаалал буюу 

           дунджаар 40 цаг

        -  Оройн хөтөлбөрөөр суралцаж буй оюутан дунджаар 20  цаг

        -  Эчнээ хөтөлбөрөөр суралцаж буй оюутан 36 цагаас тус тус багагүй  байна.

3.4. Энэ журмын 3.3-д заасан багц цагийн нормативыг үндэслэн танхимын ба бие даах цагийн харьцааг хичээлийн төрөл хэлбэр бүрээр тогтоож мөрдөнө. Тодорхой хичээлийн багц цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу танхимын цаг, оюутны бие даах цагаас бүрдэнэ.

3.5. Оюутны цуглуулах кредит нь  48 цагтай тэнцэх ба дараах байдлаар тодорхойлогдоно.

        А. /1 цагийн лекц +2 цагийн бие даалт/*16 долоо хоног = 48 цаг

        Б. /2 цагийн семинар +1 цагийн бие даалт/*16 долоо хоног = 48 цаг

        В. /3 цагийн лаборатори + 0 цагийн бие даалт/* 16 долоо хоног = 48 цаг

3.6  Оюутны бие даалт ажиллах цагт:

        -  Багшаас зөвөлгөө авах

        -  Ангийн ажил, төсөл, реферат, эссе бичих

        -   Илтгэл бэлтгэж тавих

        -   График тооцооны ажил хийх

        -   Ном, сурах бичиг, эх  материал уншиж, судлах

        -   Ажил хэрэгч тоглоом, тоглох

        -   Case дадлага хийх

        -  Явцын шалгалт өгөх зэрэгт зарцуулсан цаг орно.

3.7.  Ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлд оноох багц цагийг ижил төстэй бусад их, дээд сургуулиудын хооронд жишигдэх байдлаар тогтооно.

3.8. Сургалтын төлөвлөгөөнд аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар төлөвлөж багц цаг онооно. Агуулгын багтаамж ихтэй зарим хичээлийг улирал дамжин үзэх шаардлагатай байвал түүнийг агуулгын залгамж холбоо бүхий тусгай хичээлүүдэд хувааж тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно.

3.9. Өдрийн хөтөлбөрөөр  суралцаж байгаа оюутны сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь хэсгийн агуулгын багтаамж нийт багц цагийн 30 хувиас доошгүй байна. Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн агуулгын багтаамж, харьцааг тухайн мэргэжлийн онцлогийг харгалзан тогтооно.

        Орой, эчнээ хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутны сургалтын төлөвлөгөөн дэх мэргэжлийн суурь  хэсгийн агуулгын багтаамж нийт багц цагийн 40 хувь, мэргэшүүлэх хэсгийн агуулгын багтаамж  50 хувиас тус тус доошгүй байна.

3.10. Өдрийн хөтөлбөрөөр  суралцагч оюутан суралцах хугацаандаа улирал тутам дунджаар 15-16 багц цагийн хичээлийг, орой, эчнээ хөтөлбөрөөр суралцагч оюутан 18,5-с доошгүй багц цагийн  хичээлийг судлахаар сонголт хийнэ. Сургалтын төлөвлөгөө нь заавал үзэх хичээлээс гадна сонгон судлах хичээлүүдийг багтаасан, оюутан хувийн төлөвлөгөөгөөр зохицуулан суралцаж болохуйц уян хатан байхаар боловсруулагдсан байна.

3.11. Жил бүрийн 9-р сарын 1-нээс хичээлийн жил эхлэх бөгөөд үндсэн 2 улирал (намар, хавар) нэмэгдэл нэг улирал (зуны) –аас бүрдэнэ. Намар хаврын улиралд оюутан танхимын хичээлд заавал суух ба тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоногтой байна. Нэмэгдэл улирал нь сургалтын ба үйлдвэрлэлийн дадлага явуулах, оюутны хүсэлтийн дагуу сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд зориулагдана.

 

Дөрөв. Сургалтын агуулгын багтаамж, шаардлага

4.1. Бакалаврын сургалтыг өдөр, орой, эчнээ хэлбэрээр зохион байгуулж явуулна.

4.2 Бакалаврын зэрэг олгох сургалтын агуулга нь БШУЯ, Төрийн захиргааны Төв Байгууллагаас гаргасан стантдарт шаардлагад нийцсэн байна. Дараахь нөхцөл болзол хангасан оюутанд дээд боловсролын бакалаврын зэргийн мэргэжлийн диплом олгоно. Үүнд:

   -  Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг хөтөлбөрийн дагуу судалж дээрх багц цагуудыг  үүний дотор заавал судлах хичээлүүдийн бүх багц цагийг болон сонгон суралцах хичээлүүдийн минимум багц цагийг бүрэн цуглуулсан.

        -   Үнэлгээний голч дүн нь 2 ба түүнээс дээш байх шаардлагыг хангасан байвал зохино.

 

Тав. Хичээлийн хөтөлбөр, стандарт

5.1. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүр хөтөлбөртэй байх бөгөөд түүнд тухайн хичээлийн агуулгын стандарт тодорхойлогдсон байна.

5.2. Хичээлийн хөтөлбөр, стандарт нь тухайн хичээлээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаасан сургалтын үндсэн баримт бичиг мөн.

5.3. Сургалт заах арга зүйн зөвлөлөөс тогтоосон загвар удирдамжийн дагуу хичээлийн хөтөлбөр  стандартыг мэргэжлийн багш нарын баг боловсруулж,  тэнхимийн хурлаар хэлэлцүүлэн  батална.

5.4. Багш хичээлийн хөтөлбөрт тодорхойлогдсон агуулгыг оюутанд бүрэн олгох, оюутан тэрхүү агуулгыг эзэмших үүрэгтэй.

 

Зургаа. Оюутны сурах үйл ажиллагаа

6.1. Оюутны суралцсан хугацаанд цуглуулсан багц цагийн тоо хэмжээг үндэслэн сургалтын албанаас тэдний суралцах үйл ажиллагааг зохистой төлөвлөж зохицуулахад нь зөвлөмж чиглэл өгч ажиллана.

6.2. Оюутан сурах үйл ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулахад зориулж  Оюутны гарын авлагыг мэргэжлийн тэнхимүүд, бусад албадын оролцоотойгоор сургалтын чанар, хяналтын албанаас эрхлэн гаргаж номын сан вэб сайтад тавьж  оюутанд хүргэж байна.

6.3. Оюутны гарын авлагад сургуулийн товч танилцуулга, сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн тодорхойлолт, хичээлүүдийн хөтөлбөр, стандарт, сургалтын холбогдолтой дүрэм журмыг тусгасан байвал зохино.

6.4 Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийг хангалттай үзэж судалсан оюутанд тухайн хичээлийн багц цагийг бүрэн өгөх бөгөөд энэ нь бакалаврын зэрэг авахын төлөө  суралцаж буй оюутны цуглуулсан кредитийг нэмэгдүүлнэ.

 

Долоо. Элсэлт, улирлын шалгалт, төгсөлт

7.1. Бакалаврын хөтөлбөрөөр элсэгчдэд тавигдах шаардлага, элсэлтийн шалгалт болон суралцах эрхийн бичиг олгох асуудлыг МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургуулийн  элсэлтийн шалгалтын журмаар зохицуулна.

7.2. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийг зохих хөтөлбөрийн дагуу судлуулж, оюутны эзэмшсэн мэдлэг чадварын түвшинг үнэлж  дүгнэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтыг “Мандах Бүртгэл” дээд сургуулийн улирлын шалгалтын журмаар зохион байгуулж авна.

7.3. Оюутны мэдлэгийг үнэлэх, дахин нөхөн шалгалт өгөх, төгсөлтийн шалгалт, курсын ажил хамгаалах, багшийн цагийн гүйцэтгэлийг тооцох зэрэгт “Мандах Бүртгэл” дээд сургуульд мөрдөж байгаа нийтлэг  дүрэм, журмыг баримтална.

7.4. Төгсөгчдөд тавигдах шаардлага, төгсөлтийн шалгалт авах болон боловсролын баримт бичиг олгох асуудлыг “Мандах Бүртгэл” дээд сургуулийн  төгсөлтийн шалгалтын журмаар зохицуулна.

7.5. Диплом бичих оюутан төгсөлтөөс 8 сараас доошгүй хугацааны өмнө сэдэв, удирдагчаа сонгож, захирлын тушаалаар баталгаажуулсан байна.

 

 

Найм. Оюутанд чөлөө олгох,  үргэлжлүүлэн суралцах, шилжин суралцах, сургуулиас хасах

8.1   Тус сургуулийн “Дотоод дүрэм” болон “Оюутны шилжилт хөдөлгөөний журам”-д  заасан журмаар зохицуулна.

Ес. Оюутны сургалтын төлбөрийн талаар баримтлах журам

9.1   Тус сургуулийн “Оюутны төлбөрийн талаар баримтлах журам”-аар зохицуулна.

 

Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө.

Шинэ мэдээ