Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Магистрын дипломын ажил бичих удирдамж

Нийтэлсэн: 2017-02-07 17:50:39 Үзсэн: 2318

Нэг. Ерөнхий зүйл


1.1 Магистрын дипломын ажил нь бизнесийн удирдлагын магистрын зэрэг олгох сургалтын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд магистрантуудад онолын мэдлэгээ бататган өөрийн суралцаж буй салбарын өмнө тавигдаж буй тулгамдсан асуудлыг онолын болон практик талаас нь бие даан шийдвэрлэх туршилт, судалгааны аргыг зөв оновчтой хэрэглэх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон цаашид авах арга хэмжээний төсөл боловсруулах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. 

1.2 Магистрант дипломын ажлаа дараах үе шатаар хэлэлцүүлнэ. Үүнд:

I. Сэдвийн хэлэлцүүлэг
II. Урьдчилан хамгаалалт 
III.Жинхэнэ хамгаалалт

Хоёр. Дипломын ажилд тавих үндсэн шаардлага


2.1 Магистрын дипломын ажлын сэдвийг захиалагч байгууллага болон холбогдох тэнхим, багш нартай зөвшилцсөний үндсэн дээр магистрант өөрөө сонгон авсан байвал зохино.

2.2 Дипломын ажил нь сэдвийнхээ агуулгыг бүрэн хангаж, бизнесийн удирдлагын шинжлэх ухааны онол, судалгаа шинжилгээний ажлын арга зүйн өндөр түвшинд боловсруулагдсан байх шаардлагатай.

2.3 Магистрын дипломын ажил нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

      а/ Нүүр хуудас ( хавсралт 1)
      б/ Оршил
      в/ Онолын хэсэг 
      г/ Судалгааны хэсэг 
      д/ Дүгнэлт 
      е/ Ашигласан материалын жагсаалт 
      ж/ Хавсралт

б/ Оршил 

Дипломын ажлын үндэслэл, зорилго, зорилт – тухайн сэдвийг сонгосон үндэслэл, агуулгыг товч илэрхийлж, судалгааны ажлын зорилго, зорилт, хүлээгдэж буй үр дүнг тодорхойлно.
 Сэдвийн судлагдсан байдал - Дэвшүүлж буй асуудал нь онолын болон эмпирик түвшинд хэрхэн судлагдаж шийдвэрлэвэл зохих асуудлаар эрдэмтэд, судлаачид, үйлдвэрлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын өнөөгийн түвшин, тэдгээрийн ололт, амжилт, тулгамдаж байгаа асуудлыг үндэслэлтэйгээр тайлбарлана. Сэдвийн хүрээнд таны судалгааны ажлын хүрээ, ялгагдах онцлог, гүнзгийрүүлэн судалж шийдвэрлэх асуудлыг тодруулан гаргана. Өөрийн уншиж, судалсан материалуудаас зохих журмын дагуу иш татаж болно. Гэхдээ бусдын ажлаас шууд авч ашиглахыг хориглоно. 

    • Ач холбогдол - Судалгааны ажлын үр дүнг практик үйл ажиллагаанд хэрэглэх боломж нөхцөл, ач холбогдлыг дүгнэн бичнэ.

    • Судалгааны обьект - Судалгааны ажлын хамрах хүрээ, тодорхой салбар / байгууллага/-ыг сонгосон байна. Ашиглах материалууд болон тоон өгөгдлүүд нь судалгааны ажлын үндсэн болон шалгуур үзүүлэлт болж чадах ач холбогдол бүхий сүүлийн үеийн /5 жилээс багагүй/ системтэй мэдээллүүд байх шаардлагатай. 

    • Судалгааны арга зүй - Судалгааны ажилд хэрэглэсэн онолын болон туршилт, судалгааны арга зүйгээ тодорхойлон тоон өгөгдөл нь судалгааны материалуудад нийцтэй эсэх талаар тайлбарлана.

 в/ Нэгдүгээр бүлэг буюу онолын хэсэг 

Онолын хэсгийг оновчтой нэрлэнэ. Судалгааны ажлын суурь ухагдахуун, онолын үндэслэл, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, судлагдсан байдлыг тоо, баримтаар илэрхийлэн энэ талаар судалгаа хийсэн эрдэмтдийн судалгааны материалыг товч дүгнэн оруулж, ололт, дутагдалтай талуудыг үндэслэлтэйгээр тайлбарлаж харьцуулан бичнэ. 

г/ Хоёрдугаар бүлэг буюу судалгааны хэсэг

Шийдвэрлэх асуудлын хүрээнд шаардлагатай мэдээллийг бүрэн цуглуулж, судалгаа шинжилгээг гүйцэтгэнэ. Судалгааг онолын үндэслэлтэйгээр холбоо хамаарлыг тайлбарлан гаргасан үр дүнд үндэслэн цаашид хэрхэн сайжруулах боломжийг дэлгэрэнгүй тодорхойлно. Энэ бүлгийн агуулга нь сонгосон сэдэвтэй уялдан өөрийн онцлогтойгоор бичигдэнэ. Тухайлбал, сонгож судалсан обьект дээрх өнөөгийн нөхцөл байдал (хүрсэн түвшин, ололт, дутагдал)-ыг тодорхойлохын зэрэгцээ судалгаанд үндэслэн цаашид боловсронгуй болгох асуудлыг системтэйгээр харуулсан байвал зохино. 

д/ Дүгнэлт 

Судалгааны үр дүнд тулгуурлан тавьсан зорилго, зорилтуудыг шийдвэрлэсэн байдал, үр дүнг аль болох цэгцтэй нэгтгэн дүгнэсэн байдлаар илэрхийлэх шаардлагатай. Судалгааны хүрээнд тухайн чиглэлээр оруулах хувь нэмэр, үйл ажиллагаанд хэрэглэх боломж нөхцөл, ач холбогдол болон шийдвэрлэгдээгүй асуудлын талаар тодорхойлно. Судалгааны үр дүнтэй холбоотой санал зөвлөмжийг дэвшүүлэн тавьсан байна. е/ Ашигласан материалын жагсаалт Ашигласан материалыг зохиогчдын нэрсийн дарааллаар монгол болон гадаад зохиогчидтой, сэтгүүл, эрх зүйн актууд, интернет хаяг гэсэн дарааллаар зохих журмын дагуу жагсаана. 

ж/ Хавсралт

Хавсралтад шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээллүүдийг цэгцэлж оруулж болно.

2.4 Судалгаанд математик статистикийн, туршилтын, төлөвлөлт, оновчлолын загварчлах аргуудыг өргөн хэрэглэж, судалгааны боловсруулалтыг компьютерээр гүйцэтгэсэн байвал зохино.

2.5 Дипломын ажлыг дараах бичиглэлийн шаардлагад бүрэн нийцүүлэн хэвлүүлнэ. Үүнд:

        • Цаасны хэмжээ –А4. Хуудасны захын хэмжээ зүүн болон дээд тал-3см, баруун болон доод тал-2.5см.

       • Times New Roman фонтоор текстийн үсгийн хэмжээ 12pt, мөр хоорондын зай-1.5pt, гарчиг, хүснэгт, график, зүүлт, ашигласан материалын жагсаалт болон хавсралтуудад мөр хоорондын зай 1.0 pt байна

        • Бичсэн зүйлийг 2 талаас нь зэрэгцүүлсэн (justify) байна.

        • Дипломын ажлын бүлэг, дэд бүлэг, хэсгийн гарчгийг Bold, номын болон сэтгүүлийн нэр, гадаад үг, эх сурвалж зэрэг онцгой тохиолдолд Italic хэлбэрүүдийг ашиглана.

        • Хүснэгт, график, зүүлт (footnote) болон хавсралтуудад 8-10pt фонтын хэмжээ ашиглаж болно. 

     • Дипломын ажлын нүүр хуудас, агуулга буюу бүтцийг харуулсан хуудаснаас бусад хуудсуудыг заавал дугаарлана. Хавсралтуудыг тусад нь дугаарласан байна.

        • Цэг, таслалын дараа заавал нэг зай авсан байна.

        • Бүлэг, дэд бүлэг, хэсгийн гарчгийн дараа нэг мөрийн дороос үндсэн текстийг эхлүүлнэ.

        • Догол мөрийн эхний мөр нь өмнөх мөрөөс 6pt буюу 4 дэх тэмдэгтийн зайнаас эхлүүлнэ. 

      • Бүлэг, дэд бүлэг, хэсгүүдийг шинэ хуудаснаас эхэлнэ. Дороо 2-оос доош мөр авах боломжгүй тохиолдолд аливаа гарчгийг дараагийн хуудсанд шилжүүлнэ.

        • Дипломын ажил нь 50-70 хуудаст багтааж үг, үсгийн алдааг бүрэн хянаж хэвлэсэн байна.

      • Хүснэгт, график, зураглалуудыг гарчиглаж, дипломын ажлын бүлгийн дугаарыг агуулсан байдлаар эсвэл эхнээс дуустал дараалуулан тус тус дугаарлаж дор нь эх үүсвэрийг заавал бичнэ. Жишээлбэл, 
Хүснэгт 1.2.1. Үйлдвэрлэлтийн өсөлт -Энэ нь дипломын 1-р бүлгийн 2-р дэд бүлэг буюу хэсгийн 1-р хүснэгтийг илэрхийлнэ. Дугааруудыг хооронд нь тусгаарлана.
 Эсвэл, Хүснэгт 1. Үйлдвэрлэлтийн өсөлт 
Хүснэгт 2. Борлуулалтын гэх мэт.
Эдгээрээс аль нэг хэлбэрийг сонгож, дипломыг бичих явцад тухайн хэлбэрийг баримтална.

        • Ишлэл, зүүлт (бусдын бүтээлээс авч ашиглаж буй санаа ойлголт, тайлбар, тодорхойлолтууд зэрэг болон нэмэлт тайлбар шаардлагатай үед)-ийг оновчтой зөв хэрэглэнэ. Бусдын бүтээлээс бүтэн өгүүлбэр авч ашиглаж байгаа тохиолдолд тэр нь 40 үгнээс хэтрэхгүй ба тухайн өгүүлбэрийг хашилтанд хийж, эх үүсвэрт зохиогчийн нэр, оныг дурьдахаас гадна хуудасны дугаарыг заавал тэмдэглэнэ.

        • Зүүлт (footnote) бичихдээ тухайн тодотгол оруулж буй тэмдэглэл нь нэг хуудсанд байна. Хэрвээ тухайн хуудсанд багтахгүй бол дараагийн хуудас руу шилжүүлнэ. 

2.6 Уншиж ашигласан материалын жагсаалтыг дараах журмын дагуу гүйцэтгэнэ. Үүнд:
    
     Ном
Зохиогчийн нэрийн үсгийн дарааллаар (зохиогч, редактор, орчуулагч, байгууллага гэх мэт) Хэвлэгдсэн он
Бүтээлийн нэрийг хашилтанд (Italic хэлбэрээр)
Цувралын дугаар
Хэвлэлийн газрын нэр
Хэвлэлийн газрын байршил
Хуудасны дугаар (шаардлагатай бол)

Жишээлбэл, 
Монгол хэл дээр
1. Аюурзана С. 2009, “Компаний санхүү”, Соёмбо принтинг, УБ
2. Батжаргал Р. 1995, “Санхүүгийн бүртгэлийн тогтолцооны асуудалд”, Диссертаци, Улсын хэвлэлийн газар, УБ, 120х.
3. Лувсандорж. П. 2007. “Шилжилтийн үр дүн, хөгжлийг хандлага”, Монгол Улс Зах зээлд номын I бүлэг, 8-48 хуудас, МУИС-ийн хэвлэх үйлдвэр, УБ

Гадаад хэл дээр 
1. Баканов М.И, Шеремет А.Д, “Экономический анализ” 2000, изд Вес мир, Москва, 234 х 
2. Kenneth C. Leadon Jane P, 1999, “Management information systems”, A Simon & Schuster Company, United States of America. 
3. “Финансовый толковый словарь”,1998,изд Вес мир, Инфра-М, 496х

     Өгүүллэг

Өгүүллэгийг зохиогчийн нэр
Хэвлэгдсэн он
Өгүүллэгийн нэр (тодорхойлох хашилтанд)
Сэтгүүлийн нэр (italic хэлбэрээр)
Сэтгүүлийн дугаар
Хэсгийн дугаар
Хуудасны дугаар

Жишээлбэл, 
1. Наранчимэг Л. 2007, “Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээний арга зүй”, Эдийн засаг: Онол, Практик, №276(17), х. 41-51

     Хууль, эрхийн акт

Жишээлбэл, 1. “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, 1998, Санхүү нягтлан бодох бүртгэл, аудитын холбогдолтой хууль тогтоолын эмхэтгэл, Адмон ХХК хэвлэв,УБ

    Хурал, семинарын материал
    Электрон эх үүсвэр


Зохиогчийн нэр
Хэвлэгдсэн он
Материалын нэр
Хэвлэлийн газар буюу байгууллагын нэр
Интернет дэх нэр буюу сайтын хаяг холбоос (шаардлагатай бол)

Жишээлбэл,
1. Монгол банк 2010, Улирлын Мөнгөний Тойм.
 http://www.mongolbank.mn/web/guest/publication/mreview_mn
1.UNESCO Instiute for Statistics (2007) Education counts, Benchmarking Progress in 19 WEI countries. World Education Indicators 20078 Montreal
 (www.uis.unesco.org/web/publication/wei 2007)

 Гурав. Дипломын ажлын явцад тавих хяналт, үнэлгээ


3.1 Магистрант нь магистрантурт элсэхдээ судалгааны болон дипломын ажлын сэдвийг ерөнхийлөн сонгож, 2-р улирлын төгсгөлд сэдвийн нэр агуулгыг нарийвчлан тодруулж, бичих төлөвлөгөө, графикийг боловсруулан сэдвийн хэлэлцүүлэгт орох бэлтгэлийг хангасан байна. 

3.2 Сэдвийн удирдагч төлөвлөгөө, гүйцэтгэх ажлын графикийг баталсан үеэс эхлэн диплом хамгаалах өдөр хүртэлх хугацаанд энэхүү журмын 1.2-т заасан үе шатаар хяналт тавина.

3.3 Магистрант нь дипломын ажлаа төлөвлөгөөний дагуу бичиж, удирдагчдаа үзүүлэн байнга зөвлөгөө авч байна. 

3.4 Дипломын ажлыг хамгаалуулах зөвлөл магистрант нэг бүрээр хэлэлцэж хамгаалуулна. Зөвлөлийн гишүүдийн магистрант бүрээр тавьсан үнэлгээ болон “Магистрийн зэргийн сургалт явуулахад баримтлах журам”-ын  3.4.1-д заасан материал нь хамгаалалтын эцсийн үнэлгээг тооцох үндсэн материал болно.

Шинэ мэдээ