Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Нийтэлсэн: 2017-02-07 17:51:28 Үзсэн: 219

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  1. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Сайдын 2014 оны 09 сарын 12-ний А/370 тоот тушаалын хавсралтыг үндэслэн Бизнесийн удирдлагын магистрын зэргийн сургалтыг Мандах Бүртгэл Дээд Сургууль дээр зохион байгуулахад энэхүү журмыг баримтлана. 
  2. Магистрын боловсролын агуулга нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцүүлэн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэгдэнэ.

 

Хоёр. Магистрын сургалтанд тавих үндсэн шаардлага

 

2.1 Удирдлага, зохион байгуулалт

 

2.1.1 Магистрын сургалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.  

2.1.2 Магистрын сургалтын журам болон хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнийг эрдмийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн сургуулийн захирал батална.

2.1.3   Магистрын сургалтын хөтөлбөрийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг мэргэжил арга зүйн болон чанарын удирдлагаар хангах, үр дүнгийн тайланг хөтөлбөрийн хорооны удирдагч хариуцан зохион байгуулж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

2.1.4 Эрдмийн зөвлөл нь магистрын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн  удирдлагаар хангах, эрдэм шинжилгээний ажлын удирдагч томилох, магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийг байгуулан ажиллуулна.

2.1.5 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлагын мэдээллийн системийг боловсруулан, мэдээллийг цахим санг бүрдүүлэх ажлыг сургалтын албаны ажилтан, сэдвийн хэлэлцүүлэг, урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтын шаардлага хангуулах асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга тус тус хариуцан гүйцэтгэнэ.

 

2.2 Багш, удирдагч

 

2.2.1    Магистрын зэргийн сургалтад мэргэжлийн хичээл заасан багш, эрдэм шинжилгээний ажлын удирдагч нь тухайн чиглэлээр докторын зэрэгтэй байна.

2.2.2  Магистрын суралцах хугацааны II улиралд багтаан судалгаа,  шинжилгээний ажлын удирдагч /цаашид “удирдагч” гэнэ/ томилно.

2.2.3 Удирдагч нь тус сургуулийн үндсэн багш болон тухайн чиглэлээр сургалт, шинжилгээний ажил эрхэлдэг гадны байгууллагын ажилтан байж болно. Удирдагчаар ажиллуулах үндсэн багш болон гадны байгууллагын ажилтны тооны харьцаа 2:1 байна.

2.2.4   Удирдагч нь тухайн чиглэлээр 3-аас цөөнгүй жил дээд боловсролын байгууллагад багшилсан буюу эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, сүүлийн 5 жилд 5-аас цөөнгүй эрдэм шинжилгээний бүтээлийг мэргэжлийн /реценз бүхий/ хэвлэлд нийтлүүлсэн, бичиж хэвлүүлсэн бүтээлтэй судлаачид байна.

2.2.5    Удирдагч нь магистрын судалгаа,  шинжилгээний ажлын сэдэв, чиглэлийг тодорхойлж, төлөвлөгөөг батлах, мэргэжлийн зөвлөгөө өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих, үр дүнг хэлэлцүүлэх, дипломын  хамгаалалтад оруулах эсэх асуудлаар тодорхойлолт гаргах үүрэгтэй.

2.2.6    Магистрын судалгааны ажлын сэдвийг хэлэлцэн удирдагчийг эрдмийн зөвлөлийн дарга томилох бөгөөд нэг удирдагч 3 хүртэл магистрын дипломын ажлыг удирдана.

2.2.7  Магистрын зэргийн сургалтад хичээл заасан багш, эрдэм шинжилгээний ажлын удирдагч нарт тухайн түвшний сургалтын онцлог, хөдөлмөр зарцуулалт болон тэдний мэргэжлийн ур чадварт дүйцсэн цалин хөлс олгоно.

 

2.3 Номын сан, мэдээллийн бааз

 

2.3.1    Магистрын сургалтад зориулсан тусгай каталоги бүхий ном, сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, интернетээр үйлчлэх боломжтой байна.

2.3.2    Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний семинар, хуралд магистрантын хэлэлцүүлсэн шилдэг илтгэлийг сургуулийн эрдэм шинжилгээний бүтээлд хэвлэнэ.

2.3.3   Зохих шаардлагыг хангасан магистрын дипломын ажил болон түүний электрон хувилбар /CD/-г албан ёсоор бүртгэн тус сургуулийн номын санд тавьж судалгааны ажлын зориулалтаар ашиглана.

 

Гурав. Магистрын сургалтын үйл ажиллагаа

 

3.1 Элсэлт

 

3.1.1    Элсэлтийг хичээлийн жилийн улирал эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө дуусгасан байхаар зохион байгуулна.

3.1.2    Элсэлтийн шалгалтыг Сургалтын чанар хяналтын алба зохион байгуулна.

3.1.3    Элсэгч  нь магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2.8-аас дээш голч дүнтэй төгссөн байна.

3.1.4    Элсэлтийн шалгалт өгөх хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ.

А. Бакалаврын зэргийн диплом /эх хувь/

Б. Анкет, 2 хувь цээж зураг

В. Иргэний үнэмлэх /эх хувь/

Г. Бүртгэлийн хураамж төлсөн баримт

3.1.5    Элсэгчээс дараах мэргэжлийн чиглэлээр шалгалт авна.

- Бизнесийн удирдлага / менежмент, маркетинг, санхүү, банк, НББ,    аудит/

      - Эдийн засаг 

3.1.6   Элсэгчээс англи хэлний түвшин тогтоох шалгалт авна. Хэрэв элсэгч нь IELTS-ийн 5.0, TOEFL-ийн 510-с доош оноотой үнэлэгдсэн тохиолдолд англи хэлний 1.5 багц цагийн хичээлийг судална. Шалгалтыг СЧХА-с зохион байгуулна.

3.1.7    Элсэгч нь дараахь тохиолдолд гадаад хэлний шалгалтаас чөлөөлөгдөнө.

 

- IELTS-ийн 5.0, TOEFL-ийн 510-с дээш оноо бүхий баталгаажсан, хүчинтэй гэрчилгээтэй;

- дотоодод хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль дүүргэсэн гэрчилгээ;

- Гадаадад бакалаврын хөтөлбөрийг дүүргэсэн диплом;

- Дотоодод бакалаврын хөтөлбөрийг хэлний мэргэжлээр дүүргэсэн диплом

3.1.8    Элсэлтийн шалгалтын нийт онооны 65-аас дээш хувийг авсан  шалгуулагчдаас эссе, бичүүлэх болон ярилцлага авч, хяналтын тоонд багтаан магистрантаар элсүүлэн суралцуулна.  

3.1.9   Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу элсэн суралцах хүсэлтээ албан ёсоор гаргасан гадаадын иргэнийг энэ журмын дагуу элсүүлнэ.

3.1.10  Гадаадын суралцагч нь монгол хэлээр суралцах шаардлагыг хангасан   байна.

3.1.11 Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтлана.

 

3.2 Сургалт   

 

 3.2.1   Магистрын сургалт, судалгааны ажлын агуулга, зохион байгуулалтыг тодорхойлсон цогц баримт болох хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулна.

3.2.2    Магистрын сургалтын хугацаа: 1.5 -2жил

3.2.3     Магистрын сургалтын хөтөлбөр нь түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үр дүнг хянах, үнэлэхэд баримтлах үзэл баримтлал, зарчим, хүрэх үр дүнг илэрхийлсэн шаардлага, олон улсад нийтлэг тогтсон зарчимд нийцсэн, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэгдэнэ. Хөтөлбөр нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

  • Хөтөлбөрийн танилцуулга
  • Сургалтын төлөвлөгөө
  • Хичээлийн хөтөлбөр
  • Хөтөлбөрийн зохион байгуулалт
  • Суралцах орчны шаардлага
  • Элсэгчдэд тавих шаардлага
  • Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага
  • Төгсөгчдийн эзэмших ур чадвар
  • Суралцагчийн үнэлгээ
  • Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт

3.2.4   Магистрын сургалтын хөтөлбөр нь 30 багц цагаас доошгүй байна.

3.2.5  Элсэгч нь сургалтын агуулгын залгамж чанарыг хангах зорилгоор нөхөж үзсэн хичээлийн болон гадаад хэлийг судалсан багц цагуудыг магистрын сургалтын хөтөлбөрийн нийт багц цагт тооцохгүй.

3.2.6   Мэргэжлийн суурь хичээл нийт 10 багц цаг, үүнээс 4 багц цагийг судалгааны арга зүй хичээл, 6 багц цаг нь тухайн хөтөлбөрийн онолын үндсэн хичээлүүд байна.

3.2.7   Мэргэшүүлэх хичээл 12 багц цагаас доошгүй байна. Үүнээс 9 багц цагийг тухайн хөтөлбөрийг хариуцсан тэнхим, 3 багц цагийг бусад тэнхим, сургууль, ЭШ-ний хүрээлэнгээс сонгон судална.

3.2.8   Магистрант нь нийт судлах хичээлийн 2/3-ыг үзэж, судалсны дараа англи хэлний шалгалт өгнө. Шалгалтыг СЧХА-с зохион байгуулна.

3.2.9    Дипломын ажил бичиж хамгаалсан тохиолдолд 5 багц цагаар тооцно.

3.2.10 Магистрын дипломын ажил бичээгүй тохиолдолд мэргэжлийн суурь болон  мэргэшүүлэх хичээлээс 10 багц цаг сонгон судалж, шалгалт өгч болно. Энэ тохиолдолд шалгалтыг багц цагт тооцохгүй.

3.2.11 Магистрын ажил бичээгүй төгсөгчдийн хөтөлбөр дүүргэснийг баталгаажуулах нэгдсэн шалгалтыг Хөтөлбөрийн хороо зохион байгуулна. Нэгдсэн шалгалтын агуулга нь дараах харьцаатай байна. Үүнд:

                                                - Мэргэжлийн суурь хичээл  30%

                                                - Мэргэшүүлэх хичээл           70%

3.2.12 Нэгдсэн шалгалтын удирдамж, хичээлүүдийн хамрах хүрээг Хөтөлбөрийн хорооноос гаргаж, шалгалтын  хуваарийг шалгалт авахаас 21 хоногоос доошгүй хугацаанд магистрантуудад СЧХА-с мэдээлнэ.

3.2.13 Нэгдсэн шалгалтанд хангалтгүй дүн буюу “ С ” ( 70% ) -с доош үнэлгээ авсан тохиолдолд магистрант дахин шалгалт өгнө.

3.2.13 Магистрын нийт суралцсан хугацааны голч дүн 2.8-аас доошгүй байна. Энэ хэмжээнд хүрээгүй тохиолдолд тухайн хичээлийг дахин судалж, шалгалт өгч болно.

3.2.14 Магистрант нь дахин шалгалтанд хангалтгүй дүн авбал уг асуудлыг Хөтөлбөрийн хорооноос Эрдмийн зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

3.2.15 Магистрын дипломын ажил бичээгүй тохиолдолд нэгдсэн болон гадаад хэлний шалгалтанд тэнцсэн төгсөгчдийн дипломын дүнгийн хавсралтанд “ТЭНЦЭВ” гэж бичиж баталгаажуулна.

3.2.15 Хөтөлбөрийн гүйцэтгэлд бусад сургуулиас хуримтлуулсан багц цагийг дүйцүүлэн тооцохдоо тухайн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн байдал, хөндлөнгийн үнэлгээний дүнг харгалзана.

 

3.3 Магистрын судалгааны болон дипломын ажил

 

3.3.1  Магистрын дипломын ажлаа эхлүүлэхээс өмнө нэгдсэн шалгалт өгч, зохих шаардлага хангасан байдлыг үндэслэн судалгааны ажлаа эхлүүлэх албан ёсны зөвшөөрөл олгоно.

3.3.2 Магистрант нь өөрийн мэргэших чиглэлийн хүрээнд сонгосон сэдвийн дагуу судалгаа хийж, дипломын ажлаа Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаална.

3.3.3 Магистрын судалгааны ажлын явцад тавих хяналтыг дараах үе шаттай хэрэгжүүлнэ. Үүнд:

           I. Сэдвийн хэлэлцүүлэг

          II. Урьдчилан хамгаалалт

          III.Жинхэнэ хамгаалалт

3.3.4 Сэдвийн хэлэлцүүлгийг сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд болон мэргэжлийн тэнхмийн багш нар, магистрантуудыг нээлттэй оролцуулан зохион байгуулна.

3.3.5 Магистрант нь суралцах хугацаандаа судалгааны ажлын болон дипломын ажлын чиглэл, хүрээ, обьект, холбогдох мэдээллийг цуглуулан нарийвчлан тогтоосны үндсэн дээр сэдвийн хэлэлцүүлэг болох товлосон өдрөөс ажлын 3 хоногийн өмнө эрдэмтэн нарийн бичгийн даргад дараах материалыг өгсөн байна. Үүнд:

 а/ Тухайн сэдвийн хүрээнд хийх судалгааны ажлын хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг үнэлэн, мэдээллээр хангах, хамтран ажиллах боломжоо илэрхийлсэн байгууллагын албан бичиг

 б/ Өмнө нь сонгосон сэдвээ өөрчлөхийг хүсвэл түүний бодит шалтгаан

  в/ Сэдвийн агуулга / төлөвлөгөө/

  г/Судалгааны ажлын зорилго, судлагдсан байдал,  онцлог, ач  холбогдлыг Microsoft Office Power Point програм ашиглан 6-10 слайд              болгон бэлдсэн байна.

3.3.6 Сэдвийн хэлэлцүүлгийн төгсгөлд удирдагч багшийг томилно. Хэлэлцүүлэгт ороогүй магистрант урьдчилан хамгаалалтад орох боломжгүй.

3.3.7 Магистрын дипломын ажлыг Эрдмийн зөвлөлөөр батлагдсан “Магистрын дипломын ажил бичих удирдамж”-ийн дагуу монгол хэлээр түүний хураангуйг англи, орос хэлний аль нэгээр бичнэ.

3.3.8 Урьдчилан хамгаалуулах зөвлөлийг эрдмийн зөвлөлийн гишүүд, удирдагчийн оролцоо бүхий 7-с доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

3.3.9 Магистрант нь батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрэн гүйцэтгэж, зохих шаардлагыг хангасан дипломын ажлын хэвлэмэл / удирдагчийн дүгнэлт, гарын үсэг зурсан/ хувийг зөвлөлийн гишүүдэд танилцуулж, саналыг бичгээр авсан байна.

 3.3.10 Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь 3.3.8-д бүрдүүлсэн материалыг урьдчилан хамгаалалтад  орохыг хүссэн магистрантын өргөдлийн хамт товлосон өрдөөс ажлын 3 хоногийн өмнө хүлээн авна.

3.3.11 Урьдчилан хамгаалалтад нэг магистрант Microsoft Office Power Point програм ашиглан /15-18 слайдаар/ 15 минутад багтаан илтгэнэ. Асуулт, хариулт 20-30 минут үргэлжилнэ. 

3.3.12 Урьдчилан хамгаалуулах зөвлөлөөс дипломын ажлыг хангалттай гэж үнэлсэн тохиолдолд жинхэнэ хамгаалалтад орохыг зөвшөөрч, шүүмжлэгч багшийг томилно.

3.3.13 Магистрант нь дипломын ажлын сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний семинарт илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

3.3.14 Урьдчилан хамгаалалтад ороогүй болон хангалттай үнэлгээ авч чадаагүй бол дипломын ажлаа хамгаалах хугацааг 2 жил  хүртэл сунгаж болно.         

        

Дөрөв. Магистрын зэрэг хамгаалуулах

 

4.1 Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах

 

4.1.1  Эрдмийн зөвлөл Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл /цаашид Зөвлөл гэнэ/-ийг сургалтын чиглэл буюу шаардлагатай бол магистрант бүрээр байгуулна.

4.1.2 Зөвлөлийн бүрэлдэхүүнд магистрын сургалтын чиглэл болон тухайн /цаашид Горилогч гэнэ/ судалгаа, дипломын ажлын сэдвийн чиглэлээр мэргэшсэн буюу ойролцоо чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, туршлагатай доктор хүмүүс байна.

4.1.3  Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.

4.1.4  Зөвлөлийн дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга нар сургуулийн орон тооны ажилтан байна.

4.1.5  Зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс багагүй нь мэргэжлийн өөр тэнхим, байгууллагын төлөөлөл байна.

4.1.6 Зөвлөлийн дарга нь Зөвлөлийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, хуралдааны хугацааг товлох, бүрэлдэхүүнд ажил үүргийг хуваарилж, хяналт тавих, Зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагатай харилцах эрх, үүрэгтэй.   

4.2 Зөвлөлийн үйл ажиллагаа

 

4.2.1    Зөвлөл үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангана. Зөвлөл нь ээлжит хуралдааны тухай зарыг урьдчилан мэдээлдэг байна.

4.2.2 Зөвлөл бүхий л үйл ажиллагаагаа горилогч дипломын ажлаа хамгаалахад шаардлагатай мэдээлэл, холбогдох асуудлаар зөвлөгөө авах боломжоор хангахад чиглэгдэнэ.

4.2.3    Зөвлөл магистрын дипломын ажлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой шүүн хэлэлцэх, горилогчийн бүрдүүлсэн материалд дүгнэлт өгөхөд шаардлагатай материалыг холбогдох байгууллагаас лавлах, гаргуулан авах эрхтэй.

4.2.4    Зөвлөл горилогчийн магистрын дипломын ажлын талаар гаргасан дүгнэлтээ хуралдаан болсоноос хойш 5 хоногийн дотор сургалтын албанд албан ёсоор мэдэгдэнэ.

4.2.5    Зөвлөл нь үйл ажиллагааныхаа товч тайлан, хуралдааны тэмдэглэл, холбогдох бусад бичиг баримтыг тус сургуулийн магистрын сургалт эрхэлсэн нэгжид хүлээлгэн өгнө.

4.2.6    Зөвлөл энэхүү дүрмийн 4.3.2-т заасан материалыг хүлээн авсан тухай тэмдэглэл хөтлөнө.

 

4.3 Магистрын ажлыг Зөвлөл дээр шүүн хэлэлцэх

 

4.3.1    Магистрын дипломын ажлын хамгаалалтыг зөвлөлийн нээлттэй хуралдаанаар зохион байгуулна.

4.3.2    Горилогч доорх материалыг зөвлөлд ирүүлнэ. Үүнд:

-  Хамгаалалтанд орохыг хүссэн горилогчийн өргөдөл

-   Горилогчийн бакалаврын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар    

    гэрчилсэн хуулбар

-  Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүдийн дүн, зохих багц цаг цуглуулсан тухай сургалтын албаны тодорхойлолт

-  Горилогчийн магистрын хамгаалалтад бэлэн болсныг нотолсон удирдагчийн дүгнэлт

- Урьдчилан хамгаалалтын явцад гарсан санал, шүүмж, зөвлөмжийг тусгаж ажлыг сайжруулсан тухай тэмдэглэл

-   Албан ёсны шүүмжлэгчийн дүгнэлт

-  Дипломын ажлын үр дүнг тодорхойлох байгууллага /судалгааны обьект/-ын санал, дүгнэлт

-   Зохих шаардлагыг хангасан дипломын ажлын хэвлэмэл / удирдагч, шүүмжлэгчийн гарын үсэгтэй/ бүрэн эхээр 3 хувь, хураангуй 6 хувь  байна.                  

4.3.3    Зөвлөлийн дарга материалыг хүлээн авч, бүрэлдэхүүнээс нэг гишүүнийг томилон энэхүү дүрмийн 4.3.2-д дурдсан материалын бүрдэл, тэдгээрийн үнэн зөв байдлыг шалгуулж, дүгнэлт гаргуулна.

4.3.4    Хамгаалалтын хуралдааныг өргөдөл хүлээн авсанаас хойш нэг сарын дотор зохион байгуулна. Зөвлөлийн дарга горилогчийн ирүүлсэн магистрын дипломын ажлыг хамгаалалт болох өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ.

4.3.5 Зөвлөлийн хуралдаанаар магистрын дипломын ажил, түүнд тавих шаардлага хангасан бүтээл болж чадсан эсэх талаар дүгнэлт гаргана.

 

4.4 Зөвлөлийн хуралдаан

 

4.4.1    Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75-аас багагүй хувийн ирцтэйгээр хийнэ.

4.4.2    Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга удирдана.

4.4.3    Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн даргын шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилоно.

4.4.4    Зөвлөлийн дарга, орлогч дарга хоёул эзгүйд зөвлөлийн хуралдааныг хойшлуулна.

4.4.5    Зөвлөлийн хуралдааныг доор дурдсан дарааллын дагуу зохион байгуулна. Үүнд:

- Хуралдааныг зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулна.

- Горилогчийн талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах,

- Горилогч магистрын дипломын ажлын үндсэн үр дүнг Microsoft Office Power     Point  программ ашиглан /15-18 слайдаар/ 15 минутад багтаан илтгэх,

- Шүүмжлэгчдийн санал, дүгнэлтийг сонсох,

- Зөвлөлийн гишүүд горилогчид асуулт тавьж, хариулт авах,

- Зөвлөлийн гишүүд дүгнэлтээ хэлэх,

- Тооллогын комиссыг сонгон батлах,

- Гишүүдэд саналын хуудас тарааж санал хураах,

- Тооллогын комисс санал хураалтын дүнг танилцуулах,

-Тооллогын комиссын дүнг үндэслэн дүгнэлтийг баталсан шийдвэр гаргах,

- Зөвлөлийн хурлын шийдвэрийг магистрантуудад танилцуулах,

4.4.6    Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нууц санал хураалтын дүнг үндэслэн гаргана.Зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 75-аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд горилогчийн ажлыг хамгаалсанд тооцно.

4.4.7    Зөвлөлийн хуралдаанд оролцоогүй, оролцсон боловч хуралдаан дуусахаас өмнө орхиж явсан гишүүн урьдчилж санал өгөхийг хориглоно.

4.4.8    Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг хадгална.

4.4.9    Зөвлөлийн гишүүдийн саналыг дараах загварын хуудсаар авна

                                             

                                                 Мандах Бүртгэл Дээд Сургууль

 

Огноо……..

 

САНАЛЫН ХУУДАС

Горилогчийн овог нэр

Магистрын ажилд өгөх саналын хувилбар

 

  1. Шаардлага хангасан
  2. Шаардлага хангаагүй

  

Тайлбар:         -    Өгөх саналын урд талын дугаарыг дугуйлж тэмдэглэнэ.

-          Саналын хувилбарыг алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсвэл хоёуланг нь дугуйлж тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.5 Магистрын зэрэг олгох  

 

4.5.1    Магистрантууд:

                  А. Магистрын дипломын ажлаа амжилттай хамгаалсан, хамгаалуулах  зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийн дагуу сайжруулж засварласан, зохих шаардлагыг хангасан дипломын ажлын хэвлэмэл эх хувийг сургуулийн номын санд хүлээлгэн өгсөн,

                   Б.  Дипломын ажил бичээгүй боловч зохих хичээлүүдийн кредитийг бүрэн цуглуулж, шалгалтуудыг амжилттай өгсөн бол төгссөнд тооцно.

4.5.2    Төгсөгчдөд захирлын тушаалаар магистрын зэргийн диплом, энгэрийн тэмдэг гардуулж, тангараг өргүүлнэ.

 

/ Эрдмийн зөвлөлийн хурлын 2015.11.11-ний өдрийн шийдвэрийг үндэслэн  өөрчлөн найруулсан/

 

Шинэ мэдээ