Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Курсын ажил бичих журам

Нийтэлсэн: 2017-02-08 11:04:38 Үзсэн: 1013

1. Курсийн ажил бичүүлэх зорилго

Оюутанд суралцах хугацаандаа тодорхой хичээлүүдээр олж авсан онолын мэдлэгээ гүнзгийрүүлэх, судалгааны ажлын арга зүйтэй болгох, аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт, анализ хийж өөрийн санал, дүгнэлтээ илэрхийлэх чадвар эзэмшүүлэх зорилгоор Курсийн ажил бичүүлдэг.
  Курсийн ажил нь 0.5 кредитээр тооцогдож, дүн нь диплом дээр тавигдана.

2. Курсийн ажлын сэдэв сонгож, батлуулах:

а/ Курсийн ажил бичих сэдвийг тухайн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд тэнхимийн багш нар боловсруулан, тэнхимийн хурлаар хэлэлцэж батална. Курсийн ажлын батлагдсан сэдвүүдийн чиглэлийг харгалзан мэргэжлийн багш удирдана.

б/ Удирдагч багш оюутны гаргасан Курсийн ажлын агуулга бүтцийг баталж хяналт тавих, сэдвийн хүрээнд шаардлагатай судалгааны материал, эх сурвалжийг боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

в/ Суралцагч Курсийн ажлын батлагдсан сэдвээс сонгож, холбогдох ном сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, эрх зүйн актуудыг судалж, Курсийн ажлын агуулгыг боловсруулан хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг удирдагч багшаар батлуулна. Уншиж судалсан материал, шаардлагатай тоо, мэдээллийг цуглуулан боловсруулж, зохих төвшинд бичиж хамгаална.

3. Курсийн ажлын бүтэц

Курсийн ажил нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

  • Оршил;
  • Үндсэн хэсэг;
  • Дүгнэлт;
  • Ном зүй
  • Хавсралт

Нүүр хуудас болон дотор дахь бичиглэл

  • “Мандах бүртгэл” дээд  сургуулийн нэр, бэлгэ тэмдэг;
  • Тэнхмийн нэр;
  • Гүйцэтгэсэн , суралцагчийн овог, нэр;
  • Курсын ажлын сэдэв;
  • Хичээлийн нэр, код
  • Удирдсан багшийн нэр, эрдмийн цол, зэрэг
  • Хотын нэр, он;

Курсын ажлын бичилтийн загвараас харна уу

  Курсийн ажлын бүтцийн агуулга.

Оршил. Уг сэдвийг сонгосон үндэслэл(тулгамдсан асуудал болж буй), энэ талаарх бодлогын хэрэгжилт, судалгааны зорилго, зорилт болон судалгааны объектыг сонгосон үндэслэл, тоо мэдээллийг олж бэлтгэх, боловсруулалт хийхэд ашиглагдсан арга, Курсийн ажлын бүтэц, агуулгын тухай бичнэ. 

Онолын хэсэг. Энэ бүлэгт тухайн сэдвийн онолын үндэслэлийг 2-3 дэд сэдвүүдээр тодорхойлох ба онолын үндсэн ойлголт, үзэл баримтлалууд, холбогдох хууль эрх зүйн актуудыг харьцуулан уг асуудлын мөн чанар, онцлог, олон улсын хэмжээн дэх үзэл баримтлал, туршлагын талаар судалж тусгасан байна. 

Судалгааны хэсэг. Онолын хэсэгт цуглуулсан тоо мэдээлэлд тодорхой судалгааны аргуудыг ашиглаж хийсэн шинжилгээ судалгааны үр дүнг хүснэгт, график, схемээр харуулж, үйл явцын учир шалтгаан, үр дагавар, уялдаа холбоо хамаарлын талаар цэгцтэй тодорхойлж гаргасан байх. Энд сонгосон сэдвийн хүрээнд салбар, үйлдвэр, үйлчилгээний чиглэлээрх өнөөгийн байдал, хөгжлийн зүй тогтол, цаашдын чиг хандлагыг тодорхойлж бичнэ. 

Дүгнэлт,санал. Энэ хэсэгт онолын үндэслэлтэй, практик ач холбогдлыг дүгнэж тэмдэглэхийн зэрэгцээ цаашдын хөгжлийн чиг хандлагыг бичиж, саналаа дэвшүүлсэн байна.

Ашигласан материал. Курсийн ажил бичихэд шаардагдах материалыг оюутан бие даан сонгож ашигласан ном сурах бичиг, хууль эрх зүйн акт, сэтгүүл, судалгааны ажлууд болон бусад материалуудыг дотоод гадаад гэж ангилж, бүтээлийг цагаан толгойн үсгийн дарааллаар зохиогчдын нэр, хэвлэсэн он, хэвлэсэн байгууллага гэсэн дарааллаар харуулна. 

Хавсралт. Курсийн ажлын үндсэн агуулгыг тодруулсан туслах материалууд болох санал асуулга, жишээ баримт, өөрийн боловсруулсан хэрэглэгдэхүүн зэрэг багтана . 

4. Курсийн ажлын хамгаалалт 

а/ Тэнхимээс тогтоосон хугацаанд удирдагч багш курсийн ажлыг хамгаалуулж дүгнэнэ. Хамгаалалтад  ирээгүй болон хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд дахин шалгалтын журмын дагуу хамгаалж болох бөгөөд тэнхимээс хамгаалах комиссыг батална. 

б/ Курсийн ажлын онол арга зүйн түвшин, тавьсан зорилгоо шийдвэрлэсэн байдал, агуулгын уялдаа холбоо, судалгааны боловсруулалт, бичвэрийн стандарт хангасан байдал зэргийг харгалзан үнэлж оноогоор дүгнэнэ. Курсийн ажлыг дүгнэх аргачлал:
 
1. Гүйцэтгэл(70 оноо):

  •  Стандарт хангасан байдал (15 оноо)
  •  Бичгийн формат 5 оноо
  •  Үг үсгийн алдаа, найруулга зүй 5 оноо
  •  Ишлэл, хүснэгт, графикийн формат 5 оноо
  •  Сэдвийн агуулга 25 оноо
  •  Судалгаа, мэдээлэл боловсруулалт (20 оноо)
  •  Өнөөгийн байдалд хийсэн судалгаа 8 оноо
  •  Судалгаа, туршилтын үр дүн 6 оноо
  •  Цаашдийн чиг хандлага 6 оноо
  •  Хугацаа:

              - батлуулах 5 оноо
              - хураалгах 5 оноо

2. Хамгаалалт (30 оноо)

  • Ярих илтгэх чадвар 10 оноо
  • Сэдвийн хүрээнд олж авсан мэдлэг, чадварын цар хүрээ 10 оноо
  • Өөрийн дэвшүүлсэн санал дүгнэлт 10 оноо

 

 Курсын ажил бичих зөвлөмж


Нэг.

Курсын ажлыг уншиж судалсан ном бүтээлээс олж мэдсэн, туршиж нээсэн мэдлэг дээрээ тулгуурлан өөрийн хийсэн задлан шинжилгээ, харьцуулалт, дүгнэлт, шинэ санаа, шүүмжлэлт байр сууриа илэрхийлэн бичих нь чухал. Курсын ажил бичих явцад оюутнууд ном зохиол, эх материалтай бие даан ажиллах, судалгааны материалуудад шүүмжлэлтэй хандах, үзэгдэл үйл явдалд онол арга зүйн үүднээс зөв үнэлэлт өгөх, түүний шалтгаан, үр дагаврын холбоог тогтоох, дүгнэлт өгөх зэрэг чадвар эзэмшинэ.

Мөн түүнчлэн сонгож авсан сэдвийн талаар өргөн мэдлэгтэй болох төдийгүй үндсэн асуудлыг логик дараалалтай бичиж өөрийн санаа бодлоо ул үндэстэй дэвшүүлэх, илэрхийлэх чадварыг эзэмшинэ. Оюутан сонгосон сэдвээ удирдагчаар батлуулан түүний зөвлөгөөнд үндэслэн бичих ба сэдэв сонгохдоо судалгаа шинжилгээний ажил болгон үргэлжлүүлж болох тодорхой асуудлыг авах нь чухал юм. Курсын ажлыг хийж гүйцэтгэх үе шатыг судалгаа хийж байгаа цар хүрээ, дэвшүүлсэн зорилго, зорилт зэргийг харгалзан тодорхойлох ба ерөнхийдөө дараах байдлаар тогтоох нь зохистой. 

Хоёр.

Курсын ажлын бичиж боловсруулах нь:
1. Бэлтгэл үе шат
2. Судалгааны үе шат
3. Төгсгөл үе шат гэсэн дараалалтай байж болох юм. Доор эдгээрийг тайларлая.

Бэлтгэл үе шат

 а/ Тухайн ажлаар ямар асуудлыг ямар хүрээнд шийдвэрлэхээ тодорхойлох: Тухайн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулж батлагдсан курсын ажлын сэдвийг сонгохдоо урьдчилан холбогдох материал уншиж судлах хэрэгтэй бөгөөд эндээс ямар нэгэн сонирхолтой, эдрээтэй асуудал, сэдвийн санааг олж авах болно. Энэхүү асуудал судалгааны ажил болж байгаа шалтгаан, түүнийг хэрхэн ямар төвшинд шийдвэрлэх боломжтойг(зорилгоо) урьдчилсан байдлаар тодорхойлно. 

б/ Курсын ажлынхаа ажиллах төлөвлөгөө боловсруулах: Курсын ажил гүйцэтгэхдээ хэдий хугацаанд холбогдох ном зохиол уншиж судлах, сонгосон сэдвийн судалгааны материал цуглуулах, мэдээллийн боловсруулалт хийж гүйцэтгэх, курсын ажлын явц болон гүйцэтгэлийг удирдагч багшид үзүүлэн зөвлөгөө авч ажиллах зэргийг тодорхой график гарган ажиллах нь оюутанд ажлаа зохих төвшинд бичиж хамгаалахад илүү тус дөхөмтэй болно. 

в/ Сонгосон сэдэвтэй холбоотой онол, арга зүйн материал уншиж судлан, мэдээлэл цуглуулах: Курсын ажлын сэдэвтэй холбоотой ном сурах бичиг, лекц, гарын авлага, эрдэм шинжилгээ судалгааны материал, өгүүлэл, хууль эрх зүйн актууд, интернет болон бусад эх сурвалжуудыг нарийвчлан судалж мэдээлэл цуглуулах. Энд хэрэгцээтэй болон сонирхолтой гэж үзсэн материалаа тэмдэглэл, хайчилбар хийх зэргээр цуглуулж байна. Харин эдгээр материалаа ямар ном зохиолын хэдэн оны хэвлэлээс авсанаа, зохиогчийн нэр, бүтээлийн гарчиг зэргийг тэмдэглэж авах хэрэгтэй ба үүнийгээ дараа нь ишлэл зүүлтэд ашиглах шаардлагатай болдог. 

г/ Судалгаа хийх аргачлал боловсруулах: Сэдэвтэй холбоотой материал уншиж судлах үед өөрөө нэмж хийх судалгаа, туршилт, ажлын санаа аяндаа гарч ирэх бөгөөд тэрхүү ажлынхаа ерөнхий зорилго, хаана ямар зорилтыг шийдвэрлэж болохыг тодорхойлох нь туршилт судалгааны ажлын аргачлал болно. Курсын ажлын хувьд том асуудал шийдвэрлэх судалгаа хийхгүй зөвхөн судлах, турших ажлын арга барилд суралцах, тодорхой аргуудыг эзэмших төдий түвшингийн ажил хийнэ.

д/ Боловсруулсан аргачлалаа удирдагч багшид үзүүлж зөвөлгөө авах: Өөрийн боловсруулсан аргачлалаа удирдагч багшдаа үзүүлэн тайлбарлаж зөвөлгөө авах нь курсын ажлыг эхнээс нь зөв гүйцэд, чанартай хийх, цаг хэмнэх зэрэгт нөлөөтэй. Өөрөөр хэлбэл курсын ажлынхаа агуулгыг гаргаж батлуулна. Хэрэв курсын ажлын агуулгыг хэт олон бүлэг сэдэвтэй боловсруулбал сэдвээсээ халих, зарим асуудлыг дахин давтах зэрэг алдаа дутагдал бий болж энэ нь анхаарал төвлөрөхгүй, судалгааг логик байдлаар шинжлэх боломжгүй гэх мэт сөрөг үр дагаварт хүрэхийг анхаарууштай. 

Судалгааны үе шат

а/ Судалгааны ажлын арга зүйн хувьд: Энэ үе шатны ажлыг хийж гүйцэтгэхдээ судалгааны шаардлагатай материалыг бүртгэх, цуглуулах арга хэлбэрээ тодорхойлон төлөвлөсний дагуу цуглуулсан материалдаа боловсруулалт хийн тухай бүр удирдагч багшаасаа зөвөлгөө авч ажиллах нь зүйтэй. Судалгааны ажлын явцад түгээмэл хэрэглэгддэг анализ, синтез, харьцуулах, индукц, дедукц, ангилан системчлэх болон математик, статистикын аргуудаас гадна сүүлийн үед өргөн ашиглагдах болсон эконометрикийн аргуудыг ашиглах нь цаашдын судалгааны ажлын арга барилд илүү эерэг нөлөөтэй юм. Судалгааны ажил хийхэд анхаарах нийтлэг зүйл бол таны судалж буй юмс үзэгдэл байнга өөрчлөгдөж байдаг гэдгийг харгалзах явдал ба судалгааны аргыг хэр оновчтой сонгож хэрэглэснээс ажлын амжилт шалтгаалдаг. Аргаа сонгохдоо судалж буй асуудлын хүрээ, онцлог, дэвшүүлсэн зорилт, таамаглал зэргийг харгалзан үзэх ба тэдгээр аргуудыг хослуулан хэрэглэх нь зөв. 

б/ Судалгааны ажлыг хийж гүйцэтгэх: Өөрийн сонгож авсан сэдэвтэй холбоотой ном зохиолоос гадна эрдэмтэн мэргэдийн бичиж туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, зөвлөмж, илтгэл, дисартацийн болон дипломын ажил, заавар журам гэх мэт өргөн хүрээтэй мэдээллийн эх сурвалжтай ажиллана. Шаардлагатай ном зохиолыг сонгон авахдаа багшийн зөвлөсөн зүйлс танд баримжаа болохыг анхаарна уу. Ном зохиол судалж тэмдэглэл хөтлөхдөө тулгуур ухагдахуун болон гол үзэл санааг тэмдэглэн авах ба тэмдэглэл хийхдээ өөрийн үгээр уншсан зүйлийн утга санааг бичиж авах эсвэл уншиж байгаа зүйлийг зохиогчийн үгээр тэмдэглэж(ишлэл авах) болно. Тухайлбал,
 - Зохиолтой ерөнхийд нь танилцаж гарчиг, бүлэг хуудсыг гүйлгэн харах
- Зохиолоос өөрт хэрэгтэй хэсгийг ол авах
 - Чухал гэсэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн тогтож унших
- Уншиж буй зүйлийн товч тэмдэглэл хийх
 - Уншсан зүйлээ эргэн харж системчлэх
 - Уншиж буй зүйлээ уншсан зүйлтэй харьцуулах
- Уншиж буй зүйлээ тунгаан бодох, шүүмжлэлтэй хандах, үнэлэлт дүгнэлт өгөх
 - Зохиолыг уншиж байх үед төрсөн санаа бодол, дүгнэлтийг тэмдэглэж авах

 в/ Судалгааны материалд боловсруулалт хийх: Уншиж судалсан болон туршилт судалгааны материалыг оновчтой зөв боловсруулснаар ажлын үр дүн сайжрах тул дээрх материалтдаа энэ шатны “а” хэсэгт тусгагдсан аргуудаар боловсруулалт хийх шаардлагатай. Тухайлбал, ямар тоон үзүүлэлтийг дундажлах, алийг нь ямар үзүүлэлтээр илэрхийлэх, үнэлэлт дүгнэлт тоон үзүүлэлтийн алийг нь ямар диаграммаар харуулбал зохистой зэргийг багшийн зөвөлгөө болон өөрийн олж үзсэн судалгаа шинжилгээний материалаас санаа авч ажиллах зохистой. Жишээ нь хувиар тооцож байгаа үзүүлэлтийн тухайд хүснэгтийн толгойн хэсэгт “%” тэмдэглэгээг хэмжих нэгжээр сонгосон бол үзүүлэлтийн тоон утгын ард %-ийг тавих шаардлагагүй. 

Төгсгөл үе шат

Энэ шатанд уншиж судалсан, цуглуулсан материал, эх сурвалжид шинжилгээ судалгаа хийсний дараа курсын ажлын журамд заасан стандартын дагуу бичиж боловсруулан хамгаалахад бэлтгэх ажиллагаа хамаарна. Үүнд: 

а/ Курсын ажлын эх бэлтгэх: энэ хэсэгт өөрийн уншиж судалсан материалдаа тулгуурлан курсын ажлын эхийг анхны хувилбараар буюу үндсэн хэсгийн эх бэлэн болгох. Бэлтгэсэн эхээ дахин нягталж үзсэний дараа агуулга, сэдэв, судалгаа хоорондын уялдаа, дэвшүүлсэн зорилго хэр хангагдсан зэргийг тооцон үзэх хэрэгтэй. 

б/ Агуулгын дагуу ерөнхий загвар(анхны хувилбараар) гаргах: удирдагчаар батлуулсан курсын ажлын агуулгын дагуу бэлтгэгдсэн эх болон бусад хэсэг болох оршил, дүгнэлт, санал, ном зүй, хавсралт зэргийн бүрдэлийг нэг бүрчлэн шалгаж нэгтгэн авч үзээд боловсруулалтыг эцэслэн хийх. 

в/ Хэвлэхэд бэлтгэх: энэ нь хамгийн эцсийн үйл ажиллагаа бөгөөд боловсруулсан курсын ажлын эхийн стандарт хангалтыг сайтар хянаж үзээд хэвлэж бэлтгэвэл зохилтой. Энэхүү дарааллаар курсын ажлаа хийж боловсруулвал цаг хэмнэх төдийгүй таны ажлын гүйцэтгэл сайтай болох, улмаар хамгаалалт ч гэсэн өөрийн хөдөлмөр шингэсэн тул амжилттай байх болов уу гэдэг үүднээс та бүхэнд энэ зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

 Танд амжилт хүсье

Шинэ мэдээ